Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

"Шивээ-Овоо" ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам

  |     |  

“Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлын

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн

А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Журмын зорилго нь ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх, ажилтан болон ажил олгогчийн эрх үүргийг тодорхой болгох, компанийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

1.2.Энэхүү журмыг тус компанийн нийт хэсэг нэгж, хэлтэс алба, харъяа салбар төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө. Компанийн харъяа охин компани нь үйл ажиллагааны онцлог, хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан Хөдөлмөр зохион байгуулалт, ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тусгай журмаар зохицуулж мөрдөнө. Бусад харилцаанд энэхүү журмыг мөрдөнө.

1.3.Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн аливаа асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон хамтын гэрээг үндэслэн энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ.

1.4.Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, зааврууд нь Хөдөлмөрийн тухай хууль болон энэ журмын агуулга зарчимд нийцсэн байна.

1.5.Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Хоёр. Компанийн бүтэц, удирдлага, зохион байгуулалт

2.1.Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт түүний эрх үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

2.2.Компанийн үйл ажиллагааг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна.

2.3.Гүйцэтгэх захирал нь дэргэдээ бодлого, төлөвлөлт, хяналт, өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1 зөвлөх ажиллуулж болно. Зөвлөхийг гүйцэтгэх захирлын тушаалаар томилно.

2.4.Гүйцэтгэх захирлын дэргэд түүнд зөвлөх эрх бүхий 8-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй компанийн эрхэм зорилго, стратеги, бодлого зорилтууд, төлөвлөгөө, төсөв зэрэг дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, зөвлөх эрх, үүрэг бүхий захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

2.5.Компани нь тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх охин компани, салбар, төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллуулж болно. Тэдгээрийн захирал, даргыг Гүйцэтгэх захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.

2.6.Компанийн бүтцэд хэлтэс, алба, хэсэг гэсэн нэгжтэй байна. Тэдгээр нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг тогтмол танилцуулна. Үндсэн нэгжүүдийг оноосон нэрийг энэ журамд тодорхой зааж өгсөн байх нь зүйтэй. Үүнд:

Хэлтэс:

1.    Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс /ЗХНБХ/

2.    Технологийн бодлогын хэлтэс /ТехБХ/

3.    Техникийн бодлогын хэлтэс /ТБХ/

4.    Санхүү эдийн засгийн хэлтэс /СЭЗХ/

5.    Худалдаа хангамжийн хэлтэс /ХХХ/

6.    Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс /ХАБЭАХ/

Алба:

1.   Хяналт алба /ХА/

Хэсэг:

1.   Уулын нэгдсэн хэсэг /УНХ/

2.   Автобульдозерийн хэсэг /АБХ/

3.   Технологи дамжлагын хэсэг /ТДХ/

4.   Ус шүүрүүлэх хэсэг /УШХ/

5.   Засварын хэсэг /ЗХ/

6.   Цахилгаан хангамжийн хэсэг /ЦХХ/

7.   Тээвэр үйлчилгээний хэсэг /ТҮХ/

8.   Дулаан, ус хангамжийн хэсэг /ДУХХ/

9.   Тэсэлгээний хэсэг /ТХ/

Төлөөлөгчийн газар: 

1.   УБ хот дахь Төлөөлөгчийн газар /УБТГ/

Охин компани: 

1. “Шивээ сервис”ХХК /ШС/

2.7.Удирдлагын тухайн шатанд ажиллаж байгаа дарга нь хариуцсан тодорхой үүрэг, чиглэл, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг шууд харьяалагдах дээд шатны албан тушаалтны өмнөхариуцна. Нэгжийн дарга эзгүй байх хугацаанд түүний ажлыг орлон ажиллах албан тушаалтныг тухайн нэгжийн ажиллах журмаар зохицуулна.

2.8.Хяналтын алба нь Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад байхаас гадна бусад нэгжээс хараат бусаар, бие дааж үйл ажиллагаагаа явуулна.

2.9.Хэлтэс, алба, хэсэг нэгжүүд нь өөрийн ажиллах журамтай байх ба компанийн бүтцийн хүрээнд аль нэг Захирал, хэлтэст шууд харьяалагдаж чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулна. Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг хавсаргав.

Гурав.Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр

3.1.Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуульболон Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан тушаал, шийдвэр, дүрэм, журам, зааврыг гаргаж мөрдүүлэх ба тэдгээрийг тушаалаар баталгаажуулна.

3.2.Гүйцэтгэх захирлын компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх ажлын хүрээнд гарч байгаа албан бичиг, тушаал, гэрээний төсөл боловсруулсан ажилтан нь эхэлж хуулийн зөвлөхөөр хууль эрх зүйн үндэслэлийг хянуулж, холбогдох албан тушаалтнуудад танилцуулж гарын үсэг зуруулсны дараа Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болно.   

3.3.Харилцагч байгууллага, иргэдээс ирсэн албан бичиг, захидал, хүсэлт, шаардлага гэх зэрэг бүх төрлийн баримт бичгийг бүртгэн хөтөлж, Гүйцэтгэх захиралд түүний эзгүйд дэд захирлуудад танилцуулан зохих шийдвэрийг гаргуулна.

3.4.Тушаалын хэрэгжилтэд ЗХНБХэлтэс картаар хяналт тавьж, хэрэгжилтийг гүйцэтгэх захиралд  танилцуулж байна.

3.5.Компанийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам батлан гаргахдаа шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, Үйлдвэрчний эвлэлийн хороог оролцуулах, төсөлд хэсэг нэгжийн удирдлагаар дамжуулан ажилтнуудын санал хүсэлтийг авч тусган шийдвэр гаргана.

Дөрөв. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоо 

4.1.Компани нь бизнесийн үйл ажиллагаагаа жилээр төлөвлөн, сар, улирал, жилийн хуваарьтайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

4.2.Төлөвлөгөөнд компанийн эрхэм зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон бүхий л арга хэмжээний төлөвлөгөөг нэгжийн удирдлагуудаас саналыг авч, захирлын зөвлөлийн хурал, ТУЗ-ийн хурлаар тус тус хэлэлцүүлэн ХЭХ-аар батлуулна.

4.3Төлөвлөгөөнд тусгасан ажлын хэрэгжилтийг улирал тутам дүгнэж тайланг Захирлын зөвлөлийн хурал болон ТУЗ хурлаар хэлэлцүүлж, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэнэ.

4.4.Хэлтэс, алба, хэсэг нэгжийн дарга нар үйл ажиллагаагаа сар, улирал, жилээр төлөвлөн нэгжийн ажилтнуудын саналыг тусган боловсруулж харьяа Хэлтсийн дарга болон Захирлаар батлуулан хэрэгжүүлнэ.

4.5.Нэгжийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг сар бүр дүгнэн тайлан гаргаж нэгжийн ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн биелэлтийг хангаж ажиллана.

4.6.Компанийн ажилтан нь ажлаа сараар төлөвлөж харьяалагдах хэлтэс алба, хэсэг нэгжийн даргаар батлуулан мөрдөж ажиллана.

4.7.Ажилтан нь сар бүр хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өөрийн нэгжийн даргад гаргаж өгөх ба тухайн н‎эгжийн удирдлага дүгнэж биелэлтийг нь хангуулж ажиллана.

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

5.1.Компанийн өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захирлын эзгүйд түүний үүргийг Тэргүүн д‎эд захирал, Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал орлон гүйцэтгэнэ.

5.2.Компани нь долоо хоног бүрийн Даваа гарагийн 1630 цагаас Удирдлагын шуурхай зөвлөгөөн, 1730-цагаас Үйлдвэрлэлийн нэгдсэн зөвлөгөөн хийж байна. Зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, явцын талаар нэгжийн дарга бүрийн мэдээллийг сонсож, ирэх долоо хоногт гүйцэтгэх ажил, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон ХАБЭА-н талаар холбогдох ажлын чиглэлийг Гүйцэтгэх захирал, түүний эзгүйд дэд захирлууд өгнө. 

5.3.Өдөр тутмын үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг 1530 цагаас Тэргүүн дэд захирал буюу Ерөнхий инженер, түүний эзгүйд Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал удирдан, дараа өдрийн ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгнө. Ажлын чиглэлийг тухайн өдрийн ээлжийн дарга тэмдэглэн авч, хурал даргалсан албан тушаалтнаар гарын үсэг зуруулж баримтжуулан архивлана.

5.4.Компанийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, бодлогын болон хөгжлийн шинж чанартай асуудлыг хэлэлцэх, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудлаар шийдвэр гаргах зорилгоор Захирлын зөвлөлийн хурлыг шаардлагатай үед зарлаж хуралдуулна.

5.5.Ажлын шаардлагаар журмын 5.2, 5.3-т заасан зөвлөгөөний товлосон хугацааг өөрчилж болно.

5.6.Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явц байдал, төлөвлөгөөний биелэлт, ХАБЭА, сэлбэг хэрэгслийн зарцуулалт, өртөг зардлын талаарх тухайн сарын тайланг хэлэлцэх, сарын шагнал урамшууллын хэмжээг тодорхойлох, тухайн сарын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор дараа сарын 5-ны дотор нийт ИТА-ыг оролцуулсан “Тайлангийн зөвлөгөөн”-ийг ЗХНБХ зохион байгуулж, гүйцэтгэх захирал удирдана.     

5.7.Сар бүрийн эхний долоо хоногт ЗХНБХ-ээс компанийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар нэгжүүдийн ажлын байранд очиж мэдээлэл хийж байна.

5.8.Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явц байдал, цаашдын зорилтыг танилцуулж тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор бүх ажилтнуудын хурлыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулна.

Зургаа. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах, баримт бичиг хувилах, олшруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох

6.1.Компани нь нэр, лого бүхий хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байхаас гадна ЗХНБХэлтэс, СЭЗХэлтэс, ХАБЭАХэлтэс нь тэмдэгтэй байна.

6.2.Компани нь эрхлэх асуудлынхаа хүрээнд зохион байгуулалтын, захирамжлалын гэсэн төрлийн хэвлэмэл хуудас, компанийн нэр, лого бүхий тэмдэг хэрэглэнэ.

6.3.ЗХНБХэлтэс нь эрхлэх асуудлынхаа хүрээнд албан бичгийн, мэдээлэл лавлагааны гэсэн төрлийн хэвлэмэл хуудас, хэлтсийн нэр, компанийн лого бүхий тэмдэг хэрэглэнэ.

6.4.СЭЗХэлтэс нь эрхлэх асуудлынхаа хүрээнд санхүүгийн болон банкны баримт бичгийн тусгайлан заасан хэсэгт хэлтсийн нэр, компанийн лого бүхий тэмдэг хэрэглэнэ.

6.5.ХАБЭАХэлтэс нь эрхлэх асуудлынхаа хүрээнд албан бичгийн, лавлагааны гэсэн төрлийн хэвлэмэл хуудас, хэлтсийн нэр, компанийн лого бүхий тэмдэг хэрэглэнэ.

6.6.Компани нь албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж болон компанийн баримт бичиг боловсруулах, хадгалах хамгаалах журмын дагуу зохицуулна.

6.7.Архивын нэгжүүдийг хүлээн авах, стандартын дагуу төрөлжүүлж цэгцлэх ажлыг Архивын эрхлэгч гүйцэтгэнэ.

Долоо. Иргэнийг ажилд авах, ажилтныг шилжүүлэн ажиллуулах, томилох, ажлаас чөлөөлөх

7.1. Иргэний ажилд авах.

7.1.1.Компанид ажилд орохыг хүссэн иргэдийн бүртгэлийн хуудас, холбогдох бичиг баримтыг зөвхөн ЗХНБХ хүлээн авах бөгөөд тус хэлтсийн зөвшөөрөлгүй бүртгэлийн хуудас бөглөх, бичиг баримт бүрдүүлж ажилд орохыг хориглоно.

7.1.2.Иргэний ажилд авахдаа хүний нөөцийн төлөвлөлт, хүн хүчний хэрэгцээ, нэгжийн захиалгыг харгалзан компанийн “Ажилтан сонгон шалгаруулах журам”-аар зохицуулна.

7.1.3.ЗХНБХ-ээс “Ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгосон иргэнийг ажилд авах эсэх асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ.

7.2.Ажил, албан тушаалд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах.

7.2.1.Ажилд авах шийдвэр гарсан иргэнд ЗХНБХ-ээс эрүүл мэндийн болон ХАБЭА-н зааварчилгааны хуудсыг олгох ба иргэн нь эрүүл мэндийн дүгнэлтийг Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс гаргуулан авсан байна.

7.2.2.Ажилд шинээр орж байгаа ажилтанд компанийн эрхэм зорилго, үндсэн зорилт, зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн нөхцөл, гүйцэтгэх ажил үүрэг /Ажлын байрны тодорхойлолт/, үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, олговор олгох хэлбэр, хугацаа, хөдөлмөрийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавруудыг танилцуулсны дараа Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж ажилд авах тухай асуудлыг Гүйцэтгэх захирлын тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ.

7.2.3.Хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, талуудын эрх үүрэг, эд хөрөнгийн талаар хүлээх хариуцлага, гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэлийг зайлшгүй тусгах бөгөөд эрхлэх ажил үүрэгт нийцүүлэн бусад зүйлийг тусгана. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж нэг хувийг ажилтанд олгож, үлдэх хувийг тухайн ажилтны хувийн хэрэгт хадгална.

7.2.4.Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан ажил, албан тушаалтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна. 

7.2.5.Шинээр ажилд томилогдсон албан тушаалтан болон ажилтан мэргэжлээрээ олон жил ажилласан ажлын туршлага, ажилласан жилийг харгалзан дадлагажих хугацаа заахгүйгээр ажил, албан тушаалд ажиллуулж үндсэн цалингаар цалинжуулж болно.

7.2.6.Шинээр ажилд орж байгаа ажилтны ажлын туршлага, тухайн ажлын байрны онцлогыг харгалзан дагалдан ажиллах хугацааг /2 сар хүртэл/ Захирлын зөвлөлөөс тогтоож, энэ хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна. 

7.2.7.Дагалдан болон туршилтаар ажиллах хугацаа дуусахад тухайн ажилтнаас шалгалт авч тэнцсэн тохиолдолд үндсэн ажилтнаар авч, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулна. Тэнцээгүй тохиолдолд хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болж, тухайн ажил, албан тушаалын сонгон шалгаруулалтад орох эрхийг нэг жилийн хугацаанд хязгаарлана.

7.2.8.Шинээр ажилд орж байгаа ажилтны цалингийн мэргэжлийн зэргийг “Компанийн сургалтын журам”-д заасны дагуу тогтооно.

7.3. Ажилтныг ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах.

7.3.1.Ажилтан, албан тушаалтныг компанийн захиргааны санаачилгаар болон ажилтны хүсэлтээр дотроо шилжүүлэн ажиллуулж болно.

7.3.2.Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, компанийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт зэргээс шалтгаалан зайлшгүй тохиолдолд ажилтан, албан тушаалтныг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.

7.3.3.Журмын 7.3.2-т заасны дагуу шилжүүлэн ажиллуулсан тохиолдолд тухайн ажилтны өмнө авч байсан цалин хөлс буурахад хүрвэл урьд авч байсан цалин хөлсийг 3 хүртэл сарын хугацаагаар бууруулахгүйгээр шийдвэрлэж болно.

7.3.4.Ажилтан дотооддоо өөр нэгжид шилжин ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд журмын 7.2.6, 7.2.7, 7.2.8-д заасныг удирдлага болгон “Ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу шилжүүлэн ажиллуулж болно. /Ажилтны хүсэлтээр шилжүүлэн ажиллуулах тохиолдолд 7.3.3 дахь заалт хамаарахгүй болно./

7.4.Ажилтныг ажлаас чөлөөлөх. 

7.4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 37-40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.

7.4.2.Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт тусган тойрох хуудас олгон, үнэмлэхийг хурааж авах бөгөөд хуульд заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор болон хамтын гэрээнд заасан бусад тэтгэмжийг олгоно.

7.4.3.Хэрэв ажилтан ажлаас чөлөөлөгдөхийг хүсвэл энэ тухай нэг сарын өмнө захиргаанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Ажилтан нь өөрийн санаачлагаар ажлаас халагдах тухай өргөдлөө захиргаанд өгснөөс хойш нэг сар өнгөрмөгц хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцно. Дээрх хугацаа дуусмагц ажилтан ажлаа гүйцэтгэхийг зогсоох эрхтэй бөгөөд захиргаа нь түүнтэй ажил хүлээлцэх үүрэгтэй. Нэг сарын хугацаа дуусахаас өмнө ажилтан нь захиргаатай тохиролцохгүйгээр ажлаа орхихыг хориглоно.

7.4.4.Өргөдөл өгснөөс хойш нэг сарын хугацаа дуусахаас өмнө болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарахаас өмнө ажилтан халагдах тухай өргөдлөө буцааж авах тохиолдолд захиргаа түүний оронд өөр хүнийг ажилд авахаар тохиролцсон бол халагдах өргөдөл гаргасан ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй.

7.4.5.Ажил хүлээлцсэнээс хойш тухайн ажилтны ажилтай холбоотойгоор гарсан аливаа өр төлбөр, хариуцлагыг тойрох хуудсанд гарын үсэг зурсан албан тушаалтан бүрэн хүлээнэ.

7.5.Журмын 7.2.1-д заасан шаардлага хангаагүй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй бөгөөд энэ нь эрүүл мэндээр тэнцээгүй ажилтныг ажилд авахгүй гэж тайлбарлагдана.

Найм. Ажил, амралтын цаг, чөлөө олгох.

8.1.Ажлын цаг

8.1.1.Компани нь ажилтны ажил, амралтын цагийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн тогтоож, мөрдөж ажиллана.

8.1.2.Ажилтны долоо хоногийн ажлын цаг 40 байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Ээлжийн ажилтай ажилтны ажлын цагийн үргэлжлэх хугацаа 12 цаг байна. Шаардлагатай тохиолдолд долоо хоногийн ажлын цагт багтаан ажлын үргэлжлэх хугацааг зохицуулж болно.

8.1.3.Өдрийн 8 цагийн зохицуулалтай ажилтан, албан тушаалтнууд өдөр бүр 830цагт эхэлж, 1230-1400 цагийн хооронд үдийн завсарлага, орой 1800 цагт дуусах ба үндсэн үйлдвэрийн ажилтан, албан тушаалтнууд өдөр бүр 800 эхэлж, 1200-1300цагийн хооронд үдийн завсарлага, орой 1700 цагт дуусна.  

8.1.4.Нэгдүгээр ээлжийн 12 цагийн зохицуулалтай ажилтан, албан тушаалтнууд өдөр бүр өглөө 800 цагт ажил эхэлж, 1200 -1300цагийн хооронд үдийн завсарлага, орой 2100 цагт дуусна. Хоёрдугаар ээлжийн 12 цагийн зохицуулалтай ажилтан, албан тушаалтнууд орой 2000цагт ажил эхэлж, 0100-0200 цагийн хооронд шөнийн завсарлага, өглөө 0900 цагт дуусна.

8.1.5.Ээлжийн ажилтай ажилтнууд баталсан хуваарийг баримтлан ээлжийн ажлын горимын дагуу ажиллах ба ээлжээ хүлээлцэнэ.

8.1.6.Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 74, 78-р зүйлийн дагуу илүү цагаар болон амралтын өдрөөр ажиллуулсан бол амралтыг нь энэ хуулийн 78.3-д зааснаар шийдвэрлэнэ.

8.1.7.Харин ажилтны буруугаас ажил үүргийг зохих ёсоор хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанар муутай хийснээс дахин болон гүйцээн хийх шаардлагатай бол ажиллах хугацааг сунгах боловч илүү цагаар ажилласанд тооцохгүй.

8.1.8.Ажилтан нь ажлын цагаар албан ажлаар гадагшаа явахдаа удирдах дээд албан тушаалтад заавал мэдэгдэн‎э.

8.1.9.Ажлын цагаас хожимдох, ажлын цагаар сэлгүүцэх, ажил тарахаас өмнө гарч явах, ажил таслах, ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажлын байранд тамхи татах зэргийг тус тус хориглоно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтныг тухайн өдөр ажилд гарахыг хориглох бөгөөд тэр өдрийг ажил тасалсанд тооцно.

8.1.10.Ажилтан нь ажилдаа өглөө ирсэн, завсарласан, ажлаас тарсан цагаа бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл, ажилтны ажлын цагийн ашиглалтын байдалд хэлтэс, алба, хэсгийн дарга болон ажил олгогчоос үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина. Ажлын цагийн ашиглалтын тайланг сар бүрхэлтэс хэсэг нэгжийн удирдлагууд гаргаж нэгтгэн ЗХНБХэлтэст мэдээлж байна. 

8.1.11.Ажилтан нь ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед хэлтэс, алба, хэсгийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ. 

8.2.Амралтын цаг.

8.2.1.Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр буюу хэсэг нэгжээр нь амрааж болно.

8.2.2.Ирэх жилийн ээлжийн амралтын хуваарийг 12 дугаар сард, тухайн сард амрах ажилтнуудын нэрсийг өмнөх сар бүрийн 25-ны дотор хэсэг нэгжүүдээс тус тус авч нэгтгэн гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна.

8.2.3.Ажилтан нь ажиллаж байгаа ажлын байрны хэвийн ба хэвийн бус нөхцлөөр ялгаатай нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан хэмжээгээр буюу хамтын гэрээнд зааснаар эдэлнэ. 

8.2.4.Ажилтан ээлжийн амралтаа биеэр эдлэх бөгөөд зайлшгүй шаардлагаар амралтын хоног дуусахаас өмнө ажилдаа орсон тохиолдолд ажилтантай тохиролцон амралтын үлдсэн хоногийг тухайн ондоо багтаан нөхөн эдлүүлэхээр хойшлуулж болно.

8.2.5.Ажилтны ажилласан хугацаа, нэмэгдэл амралтыг тооцож, амрах хуваарийг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж мөрдөнө. Шинээр ажилд орсон ажилтанд 8 сар ажилласны дараа ээлжийн амралт олгоно. Ажилтны 2 амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна. 

8.2.6.Ажилтан ээлжийн амралтаа тухайн жилдээ багтаан хэсэгчлэн / 7, 14 хоногоор гэх мэт/ эдлэхийг хүсвэл ЗХНБХэлтэст 14 хоногийн өмнө бичгээр хүсэлт гаргаж зөвшөөрөл авна.

8.3. Чөлөө олгох.

8.3.1.Эхчүүдэд хүсэлтийг нь харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 103, 104-р зүйлүүдэд заасан завсарлага, амралт, чөлөө олгоно. Ажилтны эхнэр хүүхэд төрүүлэхэд 5 хүртэл хоногийн цалинтай тэнцэх тэтгэмжтэй чөлөө олгоно.

8.3.2.Ажилтны хүсэлтийг /өргөдөлийг/ үндэслэн 1 өдрийн /ээлжийн/ чөлөөг хэлтэс, алба, хэсгийн удирдлага, 5 хүртэлх өдрийн чөлөөг Тэргүүн д‎эд захирал, 7 хүртэлх өдрийн чөлөөг Гүйцэтгэх захирал олгоно. 10-аас дээш хоногоор чөлөө авах тохиолдолд Захирлын зөвлөл шийдвэр гаргана. Ажилтанд зайлшгүй гачигдал гарсан /төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд, хадам эцэг эх нас барсан/ тохиолдолд ажлын 5 хүртэл хоногийн цалинтай тэнцэх тэтгэмжтэй чөлөө олгоно.

8.3.3.Ажилтны чөлөө хүссэн өргөдөл, чөлөө авах болсон шалтгааныг нотолсон баримтыг хавсарган ЗХНБХ хүлээн авч зохих шийдвэрийг гаргуулж ажилтанд чөлөөний хуудас бичиж олгоно. Өргөдөлд ажилтны удирдах албан тушаалтны шийдвэр тэмдэглэгдсэн байна.

8.3.4.Ажилтан ажлаас чөлөө авахдаа шалтгааныг тодорхой дурьдаж, шаардлагатай тохиолдолд нотлох баримтыг хавсаргаж, чөлөө олгохыг хүссэн өргөдлийг 3 хоногийн өмнө ЗХНБХэлтэст бичгээр гаргана. Энэ заалт гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалсан чөлөөнд хамаарахгүй болно.

8.3.5.Ажилтны чөлөө авч байгаа баримтанд эмнэлгийн магадлал, тодорхойлолт, ойр дотны хүн нас барсан бол нас барсан гэрчилгээний хуулбар, цагдаад шалгагдаж байгаа бол цагдаагийн газрын тодорхойлолт, осолд орсон тохиолдолд эмнэлэг, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргана.

8.3.6.Чөлөөг зохих журмын дагуу аваагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно.

8.4. Албан томилолт

8.4.1.Ажилтан нь албан томилолтоор ажиллахдаа удирдамж батлуулан түүний дагуу ажлаа гүйцэтгэхээс гадна, албан томилолттой холбогдох баримт материалыг бүрдүүлж, томилолтын тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлын санал дүгнэлтийг ажилд ирснээс хойш ажлын 3 өдрийн дотор бичиж томилолт олгосон албан тушаалтанд танилцуулж тооцоог дуусгана.

Ес. Цалин хөлс, шагнал урамшуулал, хөнгөлөлт, тэтгэмж

9.1.Цалин хөлс

9.1.1.Ажилтны үндсэн цалинг ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн нөхцлөөр нь ялгаатайгаар, хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн түвшинтэй уялдуулан үндсэн цалингийн сүлжээг тогтоож гүйцэтгэх захирлын тушаалаар баталж мөрдөнө.

9.1.2.Ажилтнуудад үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгоно. Нэмэгдэл хөлсөнд хэлтэс, алба, хэсгийн болон техник, машин бригад ахласны нэмэгдэл, эзгүй байгаа ажилтныг орлон болон хослон, хавсран ажилласны нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл, шөнийн болон илүү цагийн нэмэгдэл хамаарна.

9.1.3.Компани нь ажилтнууддаа удаан жилийн болон говийн нэмэгдэл бусад нэмэгдлийг хамтын гэрээ, Ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг олгох журамд зааснаар олгоно.

9.1.4.Ажилтны цалин хөлсийг сард 2 удаа олгох бөгөөд энэ өдрүүд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно.

9.1.5.Дэлхий, тив, олон улсын болон улс, бүсийн чанартай урлаг, спортын болон мэргэжил, танин мэдэхүйн, шинжлэх ухааны уралдаан тэмцээнд компаниа төлөөлөн ганцаар болон баг, дасгалжуулагч, удирдагчаар оролцсон ажилтнуудын оролцсон өдрийн ажлын цагийг 8 цаг ажилласнаар тооцон цалин хөлсийг олгоно. Энэхүү заалт нь бүх ажилтан, албан тушаалтанд хамаарна. Уралдаан тэмцээнд оролцсон зардалтай холбоотой асуудлыг урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр ЗХНБХ-ийн саналыг үндэслэн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

9.1.6.Техник, технологийн дэвшил, тухайн ажлын байранд тавигдах шаардлага болон хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтны мэдлэг, мэргэшил, хэлний м‎эдлэгийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай тохиолдолд Захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сургалтын төлбөр, зардал болон сургалтын хугацаан дахь албан тушаалын цалинг олгож болно.

9.2. Шагнал урамшуулал.

9.2.1.Ажилтанд үйлдвэрлэлийн жигд ажиллагааг ханган төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч сарын болон жилийн үр дүнгийн шагналыг тооцож,ажилтнуудад шагнал урамшуулал олгох журам болон хамтын гэрээнд заасан хэмжээгээр олгоно. 

9.2.2.Ажилтны хөдөлмөрийн амжилт, гавьяаг үнэлж төрийн шагнал, одон, медалиар шагнуулахаар тодорхойлно. Ажил мэргэжлийн болон тусгай нөхцөлөөр олон улсын мэргэжлийн болон бусад шагнал, цол хэргэмээр шагнуулахаар тодорхойлж болно.

9.2.3.Төр, улсын болон олон улсын шагнал, одон медал, цол хэргэм авсан ажилтныг ЗХНБХ-ийн саналыг үндэслэн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлуулж, Гүйцэтгэх захирлын тушаалаар урамшуулна.

9.2.4.Компанийн нэрийн өмнөөс улсын болон тив дэлхийн чанартай биеийн тамир, урлаг, спорт, мэргэжил, танин мэдэхүйн уралдаан тэмцээнд оролцож эхний 3 байруудад шалгарсан тамирчин, баг, дасгалжуулагч буюу удирдагчид амжилтыг харгалзан нэг удаагийн шагналыг олгож болно.

9.3.Компанийн ажилтнуудад үзүүлэх хөнгөлөлт

9.3.1.Компанийн ажилтан, албан тушаалтад хоолны үнийн хөнгөлөлт 50%-р, Хөдөлмөрийн аюултай, хортой, нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад хоолны үнийн хөнгөлөлт 100%үзүүлнэ.

9.3.2.Жилд нэг удаа 5 тонн нүүрсний үнийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

9.3.3.Компанид 3-аас доошгүй жил ажилласан ажилтнууд ээлжийн амралтын хугацаандаа рашаан, сувилалд сувилуулсан тохиолдолд зардлын 30%-ийн хөнгөлөлтийг эдлүүлнэ.

9.3.4.Түлшний болон харилцаа холбооны хөнгөлөлт эдлүүлэх ажилтан, албан тушаалтны жагсаалтыг гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

9.3.5.Компанид 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй ажилтанд тухайн сум орон нутгаас орон сууц, хашаа байшин худалдан авсан тохиолдолд үнийн дүнгийн 10% хөнгөлөлтийг худалдах худалдан авах гэрээ болон бусад баримтыг үндэслэн нэг удаа үзүүлнэ.

9.4.Буцалтгүй тусламж, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр 

9.4.1.Ажилтанд тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр тогтоож олгох асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

9.4.2.Компанийн хүсэлтээр ирж ажиллаж байгаа их дээд сургууль, коллеж төгссөн ажилтанд 500.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгоно. Суралцах хугацаандаа сургалтын төлбөр болон бусад хэлбэрийн дэмжлэг авч байсан бол тэтгэмж олгохгүй.

9.4.3.Компанийн урилгаар ирсэн өндөр ур чадвартай ажилтанд гаргасан ажлын үр бүтээлийг харгалзан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажилласнаас хойш нэг жилийн хугацаанд нэг удаа олгоно.

9.4.4.Компанид нэг ба түүнээс дээш жил ажиллаж байгаа үндсэн ажилтнуудаас цэргийн жинхэнэ албанд татагдсан тохиолдолд холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгоно.

9.4.5.Ажилтны өөрийн төрсөн эцэг, эх, төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, эхнэр, нөхөр нас барсан бол салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний,

9.4.6.Ажилтан өөрөө зуурдаар болон өвчний улмаас нас барсан тохиолдолд ар гэрт нь салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, компанийн өндөр настан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний групптэй уурхайчин нас барсан тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх,

9.4.7.Байгалийн болон гэнэтийн аюулын улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн ажилтанд холбогдох байгууллага, сум орон нутгийн тодорхойлолтыг үндэслэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх,

9.4.8.Тус компаниас төрсөн хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнууд удаан хугацаагаар /2 сар ба түүнээс дээш/ эмчлүүлэн сувилуулах тохиолдолд хүсэлтийг  нь харгалзан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг нэг удаа

9.4.9.Компанид нэгээс доошгүй жил ажиллаж байгаад төрсөн эхчүүдэд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг өөрийнх нь хүсэлт, хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн тус тус олгоно.

9.4.10.Энэхүү журмын 9.4.5, 9.4.6-д заасан буцалтгүй тусламжийг олгохдоо нас барсны гэрчилгээ, холбогдох баримт бичгийг үндэслэн/нэг гэр бүлийн болон ах дүүсээрээ ажилладаг бол зөвхөн нэгнийх нь нэр дээр/ тус тус олгоно.

9.4.11.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохиролыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

9.4.12.Нөхөн төлбөрийг хоёр дахь удаагаа олгох асуудлыг компанийн эдийн засгийн үр ашгийг харгалзан шийдвэрлэж болно.

Арав. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

10.1.Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ХАБЭА-н заавар, дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна.

10.2.Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтныг хариуцсан шууд удирдах ажилтны санал, илтгэх хуудсыг үндэслэл болгоно. Сахилгын зөрчил гаргасан тухай тайлбар өгөхөөс татгалзах нь ажилтанд шийтгэл ногдуулахад саад болохгүй.

10.3.Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:

10.3.1.Компанийн өмч хөрөнгө, сэлбэг хэрэгсэл, бараа материалаас хулгай хийсэн анхны тохиолдолд,

10.3.2.Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай ирж бусад ажилтны ажлаа гүйцэтгэхэд нь саад болох, танхайрах

10.3.3.Компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч явах, бусдад дамжуулах, ашиглуулсан.

10.3.4.Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 3 өдөр, ээлжинд гардаг бол дараалсан 2 ээлжийн ажил тасалсан ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлд заасан журмаар албан тушаал хадгалагдах хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор ажилдаа ирээгүй,

10.3.5.Мөнгө буюу бусад эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан /эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтан/ хариуцсан эд зүйлээс өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, завшсан, хэрэглэсэн, зээлдүүлэх нэрээр олгосон, үрэгдүүлсэн дутаасан, албан үүрэгтээ хайнга хандсанаас тоо чанарын хувьд дутаасан зэргээр гаргасан.

10.3.6.Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсанаас бусдад компанийн эд хөрөнгө ашиглагдах нөхцөл байдал бий болсон.

10.3.7.Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан

10.3.8.Компанийн тамга тэмдэг, хэвлэмэл хуудсыг хувийн зорилгоор ашигласан, бусдад ашиглуулсан, мэдээ тайлан, цалингийн баримт, замын хуудас тэдгээртэй адилтгах бичиг баримтыг хуурамчаар үйлдэх болон тоо баримт, лац, программыг засварласан, баталгааг алдагдуулсан.

10.3.9.ХАБЭА-н журам зааврыг зөрчсөн, мөрдөж ажиллаагүй, хяналт тавиагүй улмаас хүний эрүүл мэнд амь нас хохирсон осол гарсан.

10.3.10.Ажлын байр, хувцас солих өрөө, хооллох танхим, захиргаа, аж ахуйн байр, үйлдвэрийн бүс, ажилдаа ирэх, буцах үедээ ажилтнуудын автобус унаанд, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн;

10.3.11.Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан нь тогтоогдсон;

10.3.12.Компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан;

10.3.13.Сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу 2-оос дээш удаа гаргасан.

10.4.Шивээ-Овоо” ХК-тай хамтран ажиллаж буй гэрээт байгууллагуудын үйл ажиллагаанд санаатай болон санамсаргүйгээр саад учруулах, доголдол үүсгэх, эд хөрөнгийг гэмтээх, хулгайлах, хулгайлахыг завдах, ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцах зэрэг зохисгүй үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдсон тохиолдолд зохих хууль, журмын дагуу арга хэмжээ авна.

10.5.Сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан, албан тушаалтны гаргасан зөрчлийн шинж байдлаас шалтгаалан ажил, албан тушаал бууруулах, өөр ажилд бүр шилжүүлэн ажиллуулж болно. Энэ нь сахилгын шийтгэл давхардуулан ногдуулах ойлголтод хамаарахгүй болно.

10.6.Журмын 10.3-т заасан ноцтой зөрчлөөс гадна ажилтан хөдөлмөрийн гэрээ болон ХАБЭА-н дүрэм, журам бусад холбогдох дүрэм журамд заасныг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Захирлын зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

10.7.Сахилгын шийтгэл хүлээсэн ажилтны сарын үр дүнгийн шагнал болон жилийн эцсийн үр дүнгийн шагналыг “Компанийн шагнал урамшуулал олгох журам”-аар зохицуулна.

10.8. Эд хөрөнгийн хариуцлага

10.8.1.Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг гүйцэтгэх захирлын тушаалаарбаталж, түүнтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 132-136 дугаар зүйлд заасны дагуумөрдөнө.

Арван нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

11.1.Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын зохион байгуулалт нь Удирдлагын бүтцийн дагуу босоо тогтолцоотой байна.

11.2.Дээд шатны нэгж ажилтан нь өөрийн харьяа доод шатны нэгж ажилтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг бүрэн хариуцаж хяналт тавьж ажиллана.

11.3.Компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар баримтлах богино хугацааны бодлогыг боловсруулан Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлах ба хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусган зохион байгуулна.

11.4.Компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар Монгол улс болоод олон улсад мөрдөгдөж буй стандарт менежментийг цаг тухайн үетэй нь уялдуулан өөрийн ажлын онцлог нөхцөлд тохируулан хэрэгжүүлж ажиллана.

11.5.ХАБЭА-н хэлтэс нь компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлэх бодлого, зорилго зорилтыг хангаж ажиллахаас гадна хэлтэс, алба, хэсэг нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бүх ажилтнуудад манлайлал үзүүлнэ.

11.6.ХАБЭА-н олон улсын удирдлагын тогтолцоо OHSAS-18001:2007  стандартыг чанд мөрдөж компанийн нийт ажилтнуудад “Эхлээд аюулгүй ажиллагаа, дараа нь ажил гэсэн хандлагыг төлөвшүүлж, ажлын байрны эрсдэлийг бууруулах, осол эрсдэлийг тэглэх, осолгүй хамт олон болох” зэрэг зорилтыг шат дараатай тууштай хэрэгжүүлэхэд компанийн удирдлага, хэлтэс, алба хэсэг нэгж, бригадын ахлах тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд үргэлж манлайлан ажиллана.

Арванхоёр. Ажилтны эрх, үүрэг

12.1.Ажилтан нь дор дурдсан эрх эдэлнэ.

12.1.1.Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, ашиг сонирхлоо хамгаалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдлэх эрхтэй.

12.1.2.Компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай шинэлэг санаа дэвшүүлэн хэрэгжүүлэх зорилгоор өөрийн үзэл бодлоо удирдлагад чөлөөтэй илэрхийлэх/амаар болон бичгээр/, ажилтнуудын хурал, шуурхай зөвлөлгөөнд оролцож ажил сайжруулах болон зөрчил дутагдлыг арилгуулах талаар санал шүүмжлэл гаргах эрхтэй.

12.1.3.Ажилтан нь хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангуулах, хөдөлмөрийн гэрээ ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдэлнэ.

12.1.4.Гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд авах, энэ журамд заасан нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, тэтгэмж тусламж авах, хөнгөлөлт эдлэх, холбогдох асуудлаар эрхээ хамгаалуулахаар компанийн удирдлага болон шүүхэд хандах эрхтэй. 

12.1.5.Ажилтан өөрийн ажил, албан үүрэгтэй холбогдуулан өгсөн удирдах албан тушаалтны үүрэг даалгавар нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд эргэлзэж байвал эргэж хянах саналаа тухайн албан тушаалтад санал болгоно.

12.2.Ажилтан нь дор дурьдсан үүрэг хулээнэ.

12.2.1.Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана.

12.2.2.Ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлэх, ажил олгогчоос өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.

12.2.3.Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанд дагаж биелүүлнэ.

12.2.4.Эрхэлж байгаа ажилдаа үнэнч, шударга ажиллаж, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, байгууллага, албан үүрэгтэй холбоотой нууцыг чандлан хадгалах.

12.2.5.Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг зөвхөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажилд зарцуулан үр бүтээлтэй ажиллана.

12.2.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм, журам, заавар, технологийн горимыг судлан чанд мөрдөж, ХАБ-ын талаар хүлээсэн үүргээ биелүүлэн графикт амралтын хугацаанд зөв зохистой амарч алдагдсан энергийг нөхөхөд зориулан хувийн бэлтгэлээ сайтар хангаж өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй.

12.2.7.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд харьяалагдах удирдлагад урьдчилан мэдэгдэж зохих журмын дагуу чөлөө авна.

12.2.8.Ажилтан нь өөрийн эзэмшилд буй эд хогшил, багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг зөв зохистой ашиглах, арчлах үүрэгтэйгээс гадна компанийн эд хөрөнгийг хамгаалах, аливаа аюулаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Компани дотроо өөр ажилд шилжих болон хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход тэдгээрийг зохих журмын дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй.

12.2.9.Ажилтан нь компанийн ажлын байранд тавигдах шаардлагыг чанд мөрдөн хувийн соёлч байдлыг эрхэмлэн, ёс зүйн шаардлагыг хангаж, байгууллага хамт олны нэр төр, нууцыг хамгаалж эв нэгдлийг эрхэмлэнэ.

12.2.10.Ажилтан өөрийн үйл ажиллагаандаа арвилан хэмнэлт гаргах, шинийг санаачлах, үрэлгэн байдлыг таслан зогсоох зорилгоор бусад ажилтанд шаардлага тавих үүрэгтэй.

12.2.11.Ажилтан бүр компанийн бизнесийн үйл ажиллагааны хөгжил дэвшилд өөрийн гэсэн бодит хувь нэмрээ оруулсан байх үүрэгтэй.

12.2.12.Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн ханган ажиллахын хамт өөрийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх талаар анхаарч өөрийгөө байнга хөгжүүлэх, компанийн зүгээс тавигдах шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй.

12.2.13.Нийтийн эзэмшлийн болон амьдарч байгаа байр, орон сууцаа ариг гамтай ашиглаж эзэмшихээс гадна, нийтийн их цэвэрлэгээ, тохижилтын ажилд идэвхитэй оролцох.

12.2.14.Ажилтан нь уурхайд гарсан нуралт, гулсалт, гал, осол гарсныг мэдсэн даруйдаа холбогдох албан тушаалтад яаралтай мэдэгдэх, дээрх байдлыг арилгах ажилд өөрийн биеэр оролцохоос гадна, осолдогсдод анхны тусламж үзүүлэх үүрэгтэй.

12.2.15.Компанийн захиргааны болон уурхайн конторын дотоод орчин, үйлдвэрлэлийн үндсэн хэсэг нэгжүүдийн ажлын байр, хувцас солих өрөө, ажилтнуудын үйлчилгээний автобус, шатахуун түгээх станц, бараа материал сэлбэг хэрэгслийн агуулах, ажлын байранд байрлалтай хоол, цайны газар, хурлын заал, нийтийн бие засах газар утаат тамхи татахыг хориглоно.

12.2.16.Албан үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэсэн нууцад үл хамаарах материалыг албан хэрэгцээнд ашиглахаар хамтран ажиллагсадаас хүсэлт гаргахад саадгүй гаргаж өгөх. Энэ үүргийг биелүүлээгүйгээс албан ажилд хохирол учирсан, илүү цагаар ажилласан бол учирсан хохирол, гаргасан бусад зардлыг төлж барагдуулна.

12.2.17.Өөрийн ажилтай холбоотой баримт бичиг, гэрээ, тушаалыг журам зааврын дагуу бүрдүүлж, эх хувийг бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ийнхүү бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөөгүйгээс эх хувь алдагдсан тохиолдолд гарах хохирлыг тухайн ажилтан хариуцна.

Арвангурав. Ажил олгогчийн эрх, үүрэг

13.1.Ажил олгогч нь дор дурдсан эрх эдэлнэ.

13.1.1.Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.

13.1.2.Ажил олгогч нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааны болон хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

13.1.3.Ажилтнуудыг сонгон шалгаруулж авах, цалин хөлс тогтоох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрхтэй.

13.1.4.Ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны журам гаргах,  нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.

13.1.5.Ажилтнаас хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхийг шаардах, хариуцлага хүлээлгэх, сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.

13.1.6.Гадаад дотоодын албан томилолтын хугацаанд удирдамжийн дагуух үүргээ чанартай хийж гүйцэтгээгүй гэж үзсэн тохиолдолд томилолтын зардлыг бүрэн төлүүлнэ.

13.1.7.Гадаад дотоодын сургууль, курст суралцаж буй ажилтан гэрээнд аасан хугацаанд ирээгүй тохиолдолд гэрээг цуцалж гарсан зардлыг тухайн ажилтнаар бүрэн төлүүлнэ.

13.1.8.Ажилтан ажил олгогчид хохирол учруулж шан харамж, авлига авсан нь нотлогдвол учирсан хохирлыг бүрэн төлүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх.

13.1.9.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж, дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

13.2. Ажил олгогч нь дор дурдсан үүрэг хүлээнэ.

13.2.1.Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

13.2.2.Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа-эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр, шаардлагатай багаж хэрэгсэл, машин техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллуулна.

13.2.3.Ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс, шагнал урамшуулал болон хөнгөлөлт, тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгоно.

13.2.4.Ажилтны цалин хөлснөөс холбогдох хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийн дагуу татвар шимтгэл, даатгал, суутгалыг суутган авч зохих газарт шилжүүлэх, ажилтны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.

13.2.5.Ажилтанд мэргэжлийн болон хэлний мэдлэгийн түвшинг д‎ээшлүүлэх нөхцөл бололцоог олгож дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

13.2.6.Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх.

13.2.7.Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхийн тулд зохион байгуулалт, эрх зүйн бололцоотой арга хэрэгслийг ашиглах, холбогдох журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх, шагнал урамшуулал олгох.

13.2.8.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн ээлжит үзлэг, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна.

13.2.9.Ажилтнуудын амьдралын нөхцлийг сайжруулахад байнга анхаарч, тэдний санал, хүсэлтэд анхааралтай хандаж, сэтгэл санаа болон материаллаг дэмжлэг үзүүлж байна.

Арван дөрөв. Хэлтэс, Алба, Хэсэг нэгжийн удирдлагын эрх, үүрэг

14.1.Шинээр ажилд орсон ажилтнуудыг холбогдох журмын дагуу сургаж дадлагажуулан хамт олны дунд төлөвшүүлэх.

14.2.Ажилтнуудын ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх санал гаргах, анхаарал халамж тавих.

14.3.Ажлын шаардлага, урьд амарсан хугацаа, ажилтны саналыг харгалзан ээлжийн амралтын хуваарь гарган амралтыг нь эдлүүлэх.

14.4.Сургалт хөгжлийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээс гадна шинэ залуу ажилтнаа олон жил ажилласан мэргэжлийн ур чадвар сайтай ажилтныг дагалдуулан сургаж мэргэшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, мэргэжлийн зэргийг ахиулахаар уламжлах.

14.5.Хөдөлмөрийн амжилт гаргасан ажилтныг сум аймаг, салбарын болон Монгол улсын одон медалиар шагнуулах, алдар цол хүртээхээр нэрийг нь дэвшүүлэх.

14.6.Ажилтны жилийн болон сарын үр дүнгийн шагналыг ажлын эцсийн үр дүнг харгалзан үнэн зөв тодорхойлох.

14.7.Компанийн хэмжээнд зохион явуулж байгаа сургалт, соёл хүмүүжлийн арга хэмжээ, аж ахуйн болон орчны тохижилт зэрэг ажилд хамт олноо зохион байгуулж оролцуулах.

14.8.Ажилтныг ХАБЭА-н сургалт зааварчилагаанд хамруулан аюулгүй ажиллах арга барилд сургахаас гадна хэсэг нэгжийн нийт ажлын байранд бүтээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.

14.9.Шинээр ажилд орох, ажлын байр өөрчлөгдөх тухай бүрд ажилтантай Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу тус компанид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад дүрэм, журам, зааврыг танилцуулж зааварчилгаа өгөх, Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хүлээнэ.

14.10.Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтныг ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах саналаа Захирлын зөвлөлийн хуралд оруулах.

14.11.Иргэдийг судалж, сонгон ажилд авах талаар ЗХНБХ-т санал өгч болно.

Арван тав. Бусад зүйл  

15.1.Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн компанийн захиргаа буюу ажил олгогч, нийт ажилтнууд дагаж мөрдөнө.

15.2.Хөдөлмөрийн дотоод журамд тусгаснаас бусад харилцааг зохицуулсан дүрэм, журам, заавар, тушаал шийдвэр нь энэхүү журмын салшгүй хэсэг байна.

15.3.Дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нөхцөлд Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

15.4.Дотоод журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу болон энэхүү дотоод журамд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

15.5.Энэхүү журмыг компанийн бүх ажилтан, албан тушаалтан мөрдөж ажиллах бөгөөд журмын хэрэгжилтийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс зохион байгуулж ажиллана.

 

 

“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ