​“ШИВЭЭ ОВОО” ХК-ИАС МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ТӨРЛӨӨ.

7-07-2022, 19:27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 122 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа“Шивээ Овоо” ХК-ийн Автобульдозерийн хэсгийн Технологийн автомашины жолооч-оператор Борхүү овогтой Цогтсайхан нь “Монгол Улсын Гавьяат уурхайчин цол тэмдгээр шагнууллаа.

Монгол Улсын Гавьяат уурхайчин Борхүүгийн Цогтсайхан нь 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1989 онд тус сумынхаа арван жилийн бүрэн дунд сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ардын армид 2 жил цэргийн алба хааж, 1991 онд халагдаж ирээд улмаар Шарын голын уурхайн дэргэдэх курст хүнд даацын автомашины жолоочийн сургалтад хамрагдаж, Хүнд даацын автомашины жолоочийн мэргэжил эзэмшсэн. 1992 онд “Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайн ажилтан болсноос хойш эдүгээ 30 дахь жилдээ эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан байна. Үүнээс эхний 6 жилд БЕЛАЗ технологийн автомашины жолоочоор ажилласан ба техникийн шинэчлэл эхэлсэнтэй холбогдуулан 1998 оны 12 дугаар сараас эхлэн HD-405-6 маркийн комацу технологийн автомашины жолооч-оператораар 18 жил, техникийн шинэчлэлтээр орж ирсэн шинэ БЕЛАЗ-75137 технологийн автомашинд 2016 оноос хойш 6 жил ажиллаж, нийт 30 жил мөргөцөг, агуулахаас боловсруулалтад оруулах нүүрс, мөн хөрс тээвэрлэж байна.

Төрийн дээд одон медалиар шагнуулсан Б.Цогтсайхандаа болон түүний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэж, удаан жил эрдэм мэдлэг, дадлага туршлагаа залуу хойч үедээ үлгэрлэн түүчээлж байхын ерөөлийг өргөе.

скачать dle 12.0