* Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн Шинэ-Усны хэсэгт олон улсын (Жорк) стандартын дагуу 1-р шатны гүйцээх хайгуулыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2024 оны 08 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 30-ний хооронд “Монгоулд” ХХК гүйцэтгэж дууслаа. * Тус уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн, нүүрсний орд нь 29,500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. “Эрдэнэс Монгол” нэгдлийн эзэмшиж буй Шинэ-Усны хэсэгт 1986-1987 онд геологи хайгуулын судалгааны ажлыг хийж гүйцэтгэн ордын нөөцийг эрдсийн санд бүртгүүлсэн. Тухайн үед хийгдсэн геологи, хайгуул судалгааны ажлыг гүйцээх зорилгоор олон улсын жишигт нийцсэн нэмэлт хайгуулын ажлыг хийж гүйцэтгэж эхлээд байна. Тодруулбал, 1-р шатны гүйцээх хайгуулын хүрээнд, нийт 9086,1 тууш метр өрөмдлөг хийж, 9054,35 гүн цооног гаргаж, 1799 ширхэг дээжлэлт, лобраторийн шинжилгээний ажлыг гүйцэтгэжээ.
* Нийт 3 үе шаттай үргэлжлэх энэхүү гүйцээх хайгуулыг олон улсын (Жорк) стандартын дагуу хийснээр уулын ажлыг оновчтой төлөвлөх, үйлдвэрлэлийн нөөцийн хаягдал, бохирдлын хэмжээг оновчлох, технологийн процессыг зохион байгуулахаас гадна батлагдсан нөөц нэмэгдэж, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэх юм. Мөн Монгол Улсын эрчим хүч, цахилгаан дулааны тасралтгүй хэрэгцээг хангах ач холбогдолтой юм.
* Орд нь “Шинэ-Ус”, “Өехий цагаан” болон “Ногоон тойром” гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа ба үүнээс Шинэ-Усны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 605 сая.тонн нөөцтэй 4,290 га талбайд “Шивээ овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна.
скачать dle 12.0